Ангилал: Хайрын төлөөх сүүлчийн тэмцэл (Тууж)
Тэрээр сургуулиа төгсөөд 2 сар гаруй болсоны дараа амарч гүйцлээ одоо гадаадад сурж бие даан амьдарна гэж гэртээ шийдвэр гаргасан ажээ. Ингээд л аав нь дэмжиж ээж нь чимээгүй сууснаар Соёлоо ялагч болоод холын Япон оронд хэлний курст явах бас ч үгүй жаахан ажил хийхээр явах болсон билээ. Газар дээрх ганц эгчийнх нь нөхрийн дүү тэнд сураад 2 жил болж байгаа билээ. Эхлээд тэрэнтэй хамт 3 сар болоод дараа нь өөрөө хөлөө олоод амьдарна хэмээн аав ээждээ ухуулаад 2 сарын дараа виз гарсаны баярыг найз охидтойгоо нижгэр гэгч нь тэмдэглээд аралын Японыг зорин ниссэн билээ. Харин эх орондоо хайртай хаашаа ч явахгүй гэдэг байсан Соёлоог яагаад алс газар одох болсон шалтгааныг өөрөөс нь өөр хэн ч мэдсэнгүй ээ. Зүрхний гүн дэх хайрын их шархаа эдгээх л гэж зөвхөн энэ л шалтгаанаар Соёлоо холын орныг зорин нисэхдээ цаг хугацаа, бас энэ орон зай түүний шархыг эдгэхгүй юмаа гэхэд сэтгэлийн гүн дэх шаналалыг нь багасгах байх гэж найдаад л эх орон хайр сэтгэлээ орхин нисч одсон билээ.
Буянт Ухаагийн буудалд гэр бүлийнхэнтэйгээ юмаа мартан буцсаар жаахан хожимдонгуй ирсэн тэр 10 сарын бүүдгэр өдрийн хүлээж, бас айн зүрхшээж угтаж билээ. Нисэх буудлын хаалгаар ортол хамгийн түрүүнд найз охид нь бяцхан бэлэгтэй уут барьчихсан хүлээж байлаа. Бас ангийнх нь нийлдэг найзууд ч ирчихсэн шаагилдан зогсоцгооно. Харин Соёлоо дотроо Ханболдыг ирчихсэн байгаасай хэмээн нэг бүрчлэн бүртгэж харсан боловч алга байлаа. Гэрээсээ гарахдаа явлаа хэмээн догдолж байсан сэтгэгдэл тэр дороо л унтарлаа. Ээжийнх нь үнсэлт ч сэтгэлийг нь хөдөлгөсөнгүй, ердөө л лагерь яваад ирэх юм шиг л сэтгэгдэл төрж бушуу эндээс явмаар санагдлаа. Ханболд түүнийг өнөөдөр явна гэж мэдэж байсаан, тэгээд түүнийг баяртай гээд хүрээд ирнэ гэж Соёлоо яагаад ч юм итгээд байсан билээ. Нэг л зөн совин Ханболд заавал ирнээ, тэгээд түүнийгээ сайн хараад ав гээд л түүнд шивнээд байсан сан. Урд шөнөжин зөвхөн Ханболдыг ирээсэй л гэж бурханаас гуйж жаахан ч гэсэн цурам хийлгүй хоносон, бас зөвхөн түүний л зургуудыг аяныхаа цүнхэнд эвтэйхэн хийгээд явж байгаа билээ. Арай ч дээ, Ханболд яагаад түүнд ийм хатуу хандана вэ? Тэр түүний анхны хайр, анхны үерхэл, анхны үнсэлт гээд л хамгийн нандин сайхан дурсамжуудын эзэн билээ. Бас анхны эр хүн нь байсан шүү дээ, хайртай чи ганцхан минийх гэж тэр шөнө чинь зүрхнээсээ шивнэж байсан тэр Ханболд ирсэнгүй ээ. Хайр сэтгэлийнх нь цорын ганц эзэн болсон Ханболд нисэх буудалд ирж гаргаж өгөх нь битий хэл хүний урманд утсаар сайн яваарай ч гэж хэлсэнгүй танихгүй хүн адил огт тоомсоргүй, чив чимээгүй үлдлээ
Яг энэ үед 9н давхар байрны 9н давхрын нэгэн цонхон дээр хэн нэгэн 30 гаруй минут цонхны шилэнд нүүрээ нааж алс холыг ширтэн хөдөлгөөнгүй зогссоор байлаа. Гар утсаа хөлөрсөн гартаа тас атгаж, өглөө дөнгөж сэрээд л боссон түүний царай ууртай ч гэмээр эсвэл энэ чигтээ хөшсөн ч гэж хэлмээр харагдана. Түүний сэтгэлд эрчилсэн хуй салхи эргэлдэн зүрхийг нь нэг дайран нэг тойрон өнгөрөх шиг санагдана. Ярих уу болих уу ...?
Тэрээр Соёлоог явах хүртлээ гар утаснаасаа салахгүй түүнийг хүлээж байгаа гэдгийг хараагүй ч гэсэн мэдэрч байгаа хайрын эзэн Ханболд байлаа. Сэтгэл зүрх нь яриач яриач гэх шиг боловч тэрээр өөрийнхөө шийдсэн шийдвэрт үнэнчээр үлдэхээр шийдлээ. Гар утас нь шалан дээр чимээгүйхэн уналаа, одоо Соёлоо нисээд явчихлаа. Зүрх сэтгэлээсээ түүний тухай бүхий л зүйлийг, бүх дурсамжийг нь арчиж мартах хэрэгтэй. Өөрийнхөө удтал эргэцүүлэн бодож гаргасан шийдвэртээ үнэнч байх хэрэгтэй. Ханболд орон дээрээ суулаа, суух гэхээсээ бараг унаад өглөө. Түүний гаргасан шийдвэр өөрт нь ийм хүнд байх юм гэж даанч төсөөлсөнгүй ээ...